Үхсэнийг нь архичин, үлдсэнийг нь хулгайч болгодог төр!

24
0

Сайжруулсан түлшинд угаартаж нэг гэр бүлийн дөрвөн амь хохирч, үлдсэн ганц хүү нь амь насыг нь ч нэхэх эрхгүй явахад нь Монголын төр хувийн эмзэг мэдээллийг нь олон нийтэд ил болгож, дэвслэв.  Нас барсан ээжийг нь архины хамааралтай, цэргийн албанд татагдсан хүүг нь хулгайн хэргээр нийтэд тустай хөдөлмөр эрхэлж байсан гэж “хэмлэв”.  Үхсэн нь архичин, үлдсэн нь хулгайч болов. Хүний эрхийг хамгаалах ёстой Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) таг дүлий.

Хурдан морины хаврын уралдаан дээр “шоу” хийгээд байсан ХЭҮК зургаан хүний амь нас хохирсон асуудал дээр таг дүлий сууж буйд олон нийт жигшин зэвүүцэж байна. Угаартаж амиа алдсан зургаан хүний дөрөв нь хүүхэд юм шүү дээ, үнэхээр харамсалтай.

Энэ харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө болсон байдаг. Хэрэг явдал болсноос хойш 14 хоног өнгөрч байхад хохирогчийн хүү “Хэнд хандахаа ч мэдэхгүй байна. Хуульч өмгөөлөгч нар надад туслаач” гэж гуйж зогсоно.

Хэдхэн сарын өмнө Урьдчилан саатуулах байранд 21 настай залуу амиа алдахад мөн л хулгайн хэрэгт холбогдож байсан гэж хувийн эмзэг мэдээллийг нь ил болгож, амь насыг нь үнэгүйдүүлсэн. Энэ хэрэг явдалтай холбоотойгоор Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хүний хувийн эмзэг мэдээлэл нь хуулиар хамгаалагдсан байдгийг онцолж, эл хэрэгтэй холбоотойгоор хувийн мэдээллийг нь задалсан эрх бүхий хүмүүст хариуцлага тооцно гэж мэдэгдсэн ч чимээгүй болсон.

Гэтэл өрх толгойлсон ээж хүүхдүүдийнхээ хамтаар угаартаж амиа алдсан хэрэг дээр өнөөх л эмзэг мэдээллийг нь ил болгодог бохир технологио ашиглах нь тэр. Хулгайгаа нуух болохоор улсын нууц болгодог атлаа угаартаж амиа алдсан иргэнээ архины хамааралтай болгож буй төрд хүний эрхийг дээдлэх наад захын ёс суртахуун алга.

Бас болоогүй ээ, хохирогчдын талынхнаас “түлшинд угаартаж амиа алдсан талаарх мэдээлэл задруулбал хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гарын үсэг зуруулсан байгаа юм.

Ганц энэ хэрэг явдал дээр ч бус сайжруулсан түлшинд угаартаж амиа алдсан хохирогч бүрийн ар талд үлдсэн хүмүүсээс ийм гарын үсэг авдаг болж таараад буй. Энэ нь өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд зохион байгуулсан утааны сонсголоор ил болсон.

Тухайлбал, н.Амарзаяагийн ээж, хүүхэд хоёр нь угаартаж амиа алдахад “Энэ хэргийг олон нийтэд мэдээлэх юм бол Зөрчлийн хуулиар хэрэг нээнэ шүү” гэж дарамталсан байдаг.

Ийм байдлаар хэчнээн хүний амыг хамхисан бол… Ингэж ар гэрийнхнийг нь үг хэлэх ч эрхгүй болгож эрхэнд нь халдсанаар тэд арьсаа л хамгаалж, албан тушаалдаа үлдсэн.  Эцсийн дүнд нь сайжруулсан түлшинд угаартаж 779 иргэн амиа алдсан харамсалтай статистик гарч буй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс эл статистик мэдээг гаргаад буй. Одоо энэ тоо зургаан иргэнээр нэмэгдэв.

Уг нь энэ төрлийн мэдээллийг нууцлах бус ил болгоод, анхааруулга өгөөд явсан бол хэчнээн хүний алтан амийг аврах боломж байсан бол… Эцэс сүүлдээ угаартаж амиа алдсан бол хэн ч биш болдог, нэг иргэний амийг 800 мянган төгрөгөөр үнэлдэг болж байна. Новшийн төр гэдэг үгийг олон нийт хэлэхээс аргагүйд хүрч байна.

Уг нь сайжруулсан түлшийг анх үйлдвэрлэхдээ хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж чадаж байгаа эсэх дээр олон талын судалгаа хийж, мөн хэрэглээнд нэвтэрсэн цаг үеэс гэр бүлээрээ хордон амь насаа алдаж буйд дүгнэлт хийж, эртхэн арга хэмжээ авсан бол өнөөдөр 780 гаруй иргэнээ цаг бусаар алдах байсан гэж үү. Мөнгө цагаан нүд улаан болсон хомхой хулгайчдын балгаар Халх голын дайнд амь үрэгдсэн дайчдынхаа тооноос давсан иргэнээ угаарын хийнд хордуулж, амь насыг нь хохироочихоод сууцгааж байна. Гэтэл энэ түлшийг сайн чанарын, агаарын бохирдол буурсан гэж шоудсан улстөрчид нь албан тушаалын өндөрлөгт хүрсэн.

Одоо албаныхан “Сайжруулсан түлш стандарын шаардлага хангаж байгаа” гэж хортой түлшээ хамгаалж суухынхаа оронд “Сайжруулсан түлшнээс болж иргэд гэр бүлээрээ угаартаж амиа алдаж байна. Шөнө унтахдаа түлш битгий түл” гэж анхааруулгаа өг.

Сайжруулсан түлшнийхээ уутан дээр “Угаартуулж амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй” гэдэг анхааруулах бичгээ ч бич.

Анх энэ түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхдээ “Бүх төрлийн зууханд түлэхэд тохиромжтой” гэж бичиж болсон юм, амь насыг нь хамгаалах анхааруулга  бичиж яагаад болохгүй гэж…

Дээр нь хүний хувийн мэдээллийг хуулиар хамгаалж чадаагүй хүмүүстээ хариуцлага тооцохыг олон нийт шаардаж байна. Хортой түлшээ чанарын шаардлага хангаж байгаа гэж худлаа PR-дана. Хортой түлшинд нь иргэн угаартаж нь амь нас хохирохоор архичин болгодог энэхүү бохир технологио зогсооно уу. Хүний хувийн эмзэг мэдээллийг задруулсан эрх бүхий хүндээ хариуцлага тооцохыг олон нийт хүлээж байна, шаардаж байна.

Архичин ч байсан Монгол Улсын иргэн шүү, эцсийн эцэст. Хүн гэдэг утгаараа аль ч улсад хувийн нууц хуулиар хамгаалагдсан байдаг. Хохирсон амь гээд гарзандаа гардаг юм биш хүний эрх гэж Үндсэн хуулиараа сахиж байдаг эрх бий, эрх баригчид аа!

Г.ХОРОЛ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here