Home Дэлхий СОЁЛЫН ДОВТОЛГОО: Машин хааж тавьсан бол дугаараа үлдээсэн эсэхээ заавал нягталъя

СОЁЛЫН ДОВТОЛГОО: Машин хааж тавьсан бол дугаараа үлдээсэн эсэхээ заавал нягталъя

61
0

Их хотод хамтдаа амьдарч байгаа хэн бүхэн нэгэндээ төвөг удахгүй, бие биедээ хүндэтгэлтэй байх нь чухал. Өрөөлд төвөг болохгүй өөрийгөө эвгүй байдалд оруулахгүй байх нь хотын соёлд нэн чухал шүү. Энэ удаагийн “Соёлын довтолгоо” булангаа жолооч нартаа хандан бэлтгэлээ.  

Саяхан даа,  Өглөөний 06:30 минутын үед түгжрэл эхлэхээс өмнө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд ажилдаа очихоор гарав.  Машинаа барихаар зогсоол дээр очтол урд талд нь нэг машин хаагаад тавьчхаж. Нямбай гэгч нь хучжээ. Хучлагыг нь сөхөж, утасны дугаарыг нь арай гэж оллоо.  

Хоцрохгүйг хичээн утас руу нь залгатал “Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэх нь тэр. Дахиад залгалаа, хариу хэвээр. Арга тасраад хүүхдээ дагуулан алхахаас өөр аргагүйд хүрсэн тэр өдрийг уур, бухимдлаар эхлүүлэв.

Энэ мэт жишээ ойр ойрхон тохиолдож, бусдын цагийг хумсалж буй хүмүүсийн жишээ улам л нэмэгдэж байгаа мэт санагдана. Улаанбаатарын түгжрэлтэй нөхцөлд хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж, ажилдаа амжиж очих гэдэг угаасаа хэцүү даваа.   

Зарим хүн утасныхаа дугаарыг үлдээсэн ч дуудлага авдаггүй, авсан ч “Өө Сүртэй юм бэ. Удахгүй гарлаа” гэж хэлээд хэнэггүйтэх нэгэн ч бий. Өнөөх удахгүй гэдэг нь бүтэн цаг шиг л санагдана. Үгүй ээ бүр, Авто тээврийн үндэсний төв рүү хандан залгасан ч дуудлагаа авахгүй эсвэл зарагдсан машин байна гэх хариулт сонсдог. Тиймээс бусдад төвөг болсноо тунгаан уучлалт гуйх мэдрэмжтэй байгаарай.

Хотын зогсоол хүрэлцээгүй гэдэг нь үнэн ч энэ нь бусдад төвөг удах шалтаг болох ёсгүй. Машин хааж тавьсан бол хариуцлагатай байж, дуудлага алдалгүй, машинаа нэн даруй холдуулах хэрэгтэй.  

Хэнэггүй зан, хайхрамжгүй үйлдэл таны цагийг хэмнэх ч бусдын боломжийг хулгайлж, бухимдал төрүүлж байдаг. Иргэн, жолооч бүр хамтдаа хичээж чадвал Улаанбаатар хотод амар тайван, соёлтой амьдрах боломж бий шүү дээ.

Машин хааж тавина гэдэг нь та зориулалтын зогсоолд тавьчихлаа гэсэн үг биш. Түр зогсоолд л тавьсан гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс та аргаа ядаад машин хааж тавьсан бол утасны дугаараа үлдээсэн эсэхээ заавал нягтлах ёстой шүү.  

-Энэ дэлхий дээр ганцаараа машинтай юм шиг бүү аашлаарай.

Нийтийн эзэмшлийн зогсоолд 2-3 машин тавих сэлүүхэн зайнд ганцаараа зогсчихдог жолооч бий. Авто зогсоол хүрэлцээгүйн улмаас ажлаа амжуулах гэж яарч байгаа иргэдийн хувьд бас л асуудал.

Би л болж байвал бусад нь хамаагүй гэх хандлага бүү гаргаарай. Санаатай, санамсаргүй энэ мэт үйлдэл бусдад төвөг уддаг тул санаа зовох мэдрэмжээ тордож явахыг санаарай.

Мөн автомашинаа явган хүний зам дээр эсвэл орж гарах орц гарц хааж битгий тавиарай. Орц, гарц хааж тавьсан үед тань хүүхдээ тэргэнд түрсэн ээж нар, өндөр настан, тэргэнцэртэй иргэд гарах гэж зүдэрдгийг ойлгох хэрэгтэй.

Эцэст нь, автомашинтай ч бай, явган зорчигч ч бай замын хөдөлгөөнд соёлтой оролцож, хариуцлагатай, бусдадаа төвөг удахгүй амьдрахыг уриалж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here