Home Дэлхий Хөндүүр сэдэв: Өрхөө битүүлсэн гэх үгээр ам таглах уу?

Хөндүүр сэдэв: Өрхөө битүүлсэн гэх үгээр ам таглах уу?

28
0

Улаанбаатарчууд замын түгжрэл бухимдлаа түлшний утаа, угаарын хийгээр сольж эхэллээ. Хүйтний улиралд угаарын хийд хэдэн хүн хордсоныг тоолж, цаг уярахаар эргээд мартдаг болсон гэхэд хилсдэхгүй. Идэр есийн хүйтэн эхлээгүй энэ өдрүүдэд утаагүй түлшинд угаартсан дуудлага нэмэгдэж байгаа нь олны сэтгэлийг эмзэглүүлж байна. Албаныхны зүгээс зуухаа шалгаж, яндангаа хөөлж, угаарын хий мэдрэгч байршуулахыг олон дахин сануулдаг. Хэн нэгэн эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдлаа гэхэд “тэр хүний хохь” болж үлддэг.

Энэ оны есдүгээр сарын 15-наас хойш нэг сарын дотор нийслэлд угаарын хийд хордсон гэх 56 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд 2-80 насны 25 иргэн угаартаж, тэдний 12 нь бага насны хүүхдүүд байсныг албаныхан онцлов.

Нийгэм эрүүл мэндийн үндэсний төв нь 2021 оноос эрүүл мэндийн салбараас угаарын хийд хордож буй хүмүүсийн мэдээллийг авч ажилладаг. Өнгөрсөн гурван жилийн нэг жилд нь гэхэд 1000 гаруй хүн угаарын хийн хордлогоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан гэх мэдээтэй. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоон мэдээллээр 2024 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын 25-ны байдлаар нийт 748 хүн угаартаж, 16 хүн нас барсан талаар мэдээлж байв. Одоо энэ тоо улам өснө гэхээс буурахгүй.

Өнөөдрийн байдлаар гэр хорооллын 198 мянган өрх сайжруулсан шахмал түлш түлж байгаагаас 82 мянган айлын зуух стандартад нийцэхгүй, угаартах эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд танилцуулсан. Сайжруулсан түлшний хяналтын хэлтсийн дарга Ч.Буянжаргал “Угаарын хийн хордлого авсан бүх дуудлага нь зуухны битүүмж алдагдсан, иргэд яндангаа сугалж, өрхөө бүтээсэн, галлагаагаа буруу хийснээс болсон” гэдгийг онцолсон юм.

Мөн тэрбээр “Өнөөдрийн байдлаар гэр хорооллын 198 мянган айлын 0.5 хувь нь буюу жилд 400-500 хүн угаарын хийн хордлогод өртөж байгаа” тодотгож хэлсэн байдаг.

Үүнээс 50 гаруй мянган өрх ямар ч хяналтгүй буюу угаарын хий мэдрэгчгүй байгаа аж. Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй. Тиймээс ганц аврал нь угаарын хий мэдрэгч болж байна. Иргэдийн зүгээс сайжруулсан шахмал түлшний чанарт эргэлздэг. “Баялаг эрдэнэ цом” компанийн захирал Л.Ганзориг өмнө нь мэдээлэхдээ “Барилгын замаскны түүхий эдээр сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч хийж байгааг хэлсэн. Үүнийг ч “Тавантолгой түлш” компанийнхан зөвшөөрсөн байдаг.

“Тавантолгой түлш” компанийн захирал асан Ц.Даваацэрэн өмнө нь байнгын хороонд мэдээлэл өгөхдөө” Анх түлшний үйлдвэр байгуулахдаа технологийн сонголтоо зөв хийж чадаагүйгээс өвөл чийг ихтэй түлш нийлүүлж байгаа” гэдгийг хэлж байв.

Тэрбээр “Тухайн үедээ цар тахал, эдийн засаг хүндэрч ийм орчин нөхцөл, бүрэн автомат үйлдвэр хүлээн авч чадаагүй. Зүүн бүсийн үйлдвэр бүрэн автомат үйлдвэр болно гэж яриад бүтээгүй. Баруун бүсийн үйлдвэр орчны бохирдол ихтэй, ажлын нөхцөл маш хүнд тоосжилттой, ихэнх ажиллагаа нь гар ажиллагаатай байна.

Зүүн бүсийн үйлдвэр яагаад 600 мянган тоннын хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна вэ гэхээр анх технологийн сонголтоо зөв хийж чадаагүй. БНСУ-д уурын хатаалгатай системийг захиалж, усыг уур болгож, халуунаар түлшээ хатаадаг. Гэтэл манайд уур нь чийг болоод өвлийн хүйтэнд -30 хэмд түлшээ хөлдөөж, чийгний хэмжээ өндөр гарч байна. Бид хатаах системээ шат дараатай сольж байна. “Тавантолгой түлш” нийслэлчүүдийг гал алдуулахгүй байх үүрэгтэй. Утааг бууруулахад мидлинг түлш хангалтгүй. Хагас коксжсон нүүрс худалдан авах ажил түр зогссон. Цаашдаа түлшний чанарыг сайжруулах ёстой” гэдгийг танилцуулж байсан удаатай.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here